Ашид Капитал ББСБ ХХК-н зээлжих зэрэглэл

МИРА “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Симпл III бондод зээлжих зэрэглэл тогтоов

Зээлжих зэрэглэл тогтоогч МИРА “Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Симпл III бондод зээлжих зэрэглэл ‘BBB+‘ тогтоов; Төлөв – Хувьсах.

  • Бонд гаргагчын зэрэглэл: BBB+ (Хөрөнгө оруулалтын)
  • Simple I бондын зэрэглэл: BBB+ (Хөрөнгө оруулалтын)
  • Simple II бондын зэрэглэл: BBB+ (Хөрөнгө оруулалтын)
  • Simple III бондын зэрэглэл: BBB+ (Хөрөнгө оруулалтын)
  • Төлөв – Хувьсах

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Эерэг нөлөөлөх магадлалтай хүчин зүйлс:

  • Активын чанарыг муутгахгүйгээр бизнесийн өсөлтийг дэмжих
  • Үйл ажиллагааг тогтвортой явуулах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох
  • Зээлдэгчдийн скоринг моделийг үргэлжлүүлэн сайжруулах
  • Хангалттай хөрвөх чадвар, санхүүгийн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх

Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс:

  • Бизнесийг өргөжүүлэх хүлээлтэд хүрэхгүй байх
  • Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
  • Хөрөнгө багассанаар эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгө буурах
  • Хөрөнгө өр төлбөрийн харьцаа 3х хэтрэх
  • Чанаргүй зээл өсөх

Зээлжих зэрэглэлийн төлөв: Хувьсах (Evolving)

Зээлжих зэрэглэлийн хувьсах буюу evolving төлөв нь компани зээлийн багцаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх стратеги, санхүүжилтийн эх үүсвэр татах төлөвлөгөө болон толгой компанийн дэмжлэгийг харгалзан үзсэн зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвийн үнэлгээ юм.

Компанийн тухай

“Ашид Капитал ББСБ” ХХК (РД: 6105572, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Централ Тауэр 5 давхар, цаашид “Үнэт цаас гаргагч” гэх) нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, 2020 оноос үйл ажиллагаа явуулж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Simple дижитал зээлийн платформоор дотоодын зах зээлд танигдсан, цаашид тэргүүлэх дижитал зээлийн платформ болох алсын хараатай үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн гол зорилго нь сүүлийн үеийн технологи, зээлийн эрсдэлийн үнэлгээний ухаалаг систем (credit scoring systems)-ийг ашиглан санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд өөрсдийн санхүүгийн чадавхад тохирсон зээлийн үйлчилгээг авах боломжийг олгох явдал юм.

Зэрэглэл тогтоосон үндэслэлтэй доорх линкээр орж танилцана уу.

Simple Rating MN | Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси ХХК (mira.mn)

Санамж:

МИРА-гийн шинжээчид нь үнэт цаас гаргагчаас гаргаж өгсөн баримт материалууд болон нийтэд ил байгаа хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн хараат бусаар зэрэглэл тогтоох үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу үнэлсэн бөгөөд тус тайланд дурдагдсан ирээдүйн төсөөллийн шинжтэй тоон болон чанарын мэдээллийн биелэлтэд баталгаа өгөх боломжгүй болно. Зэрэглэл тогтооход ашигласан тусгайлан боловсруулсан аргачлалтайhttps://mira.mn/wp-content/uploads/2023/05/General-framework-rating-methodology.pdf дэлгэрэнгүй танилцана уу. Үнэт цаас гаргаж буй үнэт цаас гаргагч, харилцагч байгууллагын гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг МИРА хариуцахгүй.

МИРА-гийн Зэрэглэлийн хорооны тогтоосон зэрэглэл нь МИРА ХХК-ийн тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн үнэт цаас гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтнуудаас хараат бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэлсэн хамтын үнэлгээ, дүгнэлт бөгөөд тус зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын шийдвэр хийх зөвлөмж, зөвлөгөөнд тооцогдохгүй бөгөөд заавал дагаж мөрдөгдөхгүй шинжийг агуулаагүй.

Хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үнэт цаасны танилцуулга болон МИРА-гийн зэрэглэл тогтоосон үндэслэлтэй сайтар танилцаж судлан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Үнэт цаас гаргагч болон үнэт цаасанд МИРА-гийн Зэрэглэлийн хорооны зүгээс зэрэглэл тогтоосон нь үнэт цаас гаргагчийн болон гаргахаар зорьж буй үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд гаргасан баталгаанд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулагчийн өмнө МИРА нь аливаа хариуцлага хүлээхгүй болно.

МИРА-гийн зүгээс үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах этгээдүүдээс хараат бус бөгөөд аливаа хэлбэрээр нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо баталгаажуулан илэрхийлж байна.

Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь веб хуудсанд нээлттэй байна. МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг веб хуудаснаас https://mira.mn/index.php/mn/disclaimer-mn/ орж дэлгэрэнгүй танилцана уу.