Зээлжих зэрэглэлийн шатлал

МИРА-ын тогтоосон зээлжих зэрэглэл нь тухайн байгууллага, аж ахуй нэгжийн санхүүгийн үүргээ биелүүлэх чадамжийн талаарх ерөнхий дүгнэлт юм. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь санал болгосон нөхцлийн дагуу үр өгөөжөө өгч чадах эсэхийг тодорхойлох зорилгоор хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үнэлгээг ашигладаг. МИРА нь дотоодын компани, санхүүгийн байгууллага, төрийн өмчит компаниуд, тэдгээрийн гаргах үнэт цаас зэрэгт зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээ үзүүлж байна.

Ерөнхий мэдээлэл

Олон улсын сайн туршлагаас үзэхэд зээлжих зэрэглэлийг шатлалаас нь хамааруулан ерөнхийд нь хоёр ангилдаг – “хөрөнгө оруулалтын зэрэглэл” болон “эрсдэлтэй зэрэглэл”. “Хөрөнгө оруулалтын зэрэглэл” ангилалд ААА үнэлгээнээс ВВВ хүртэлх үнэлгээг хамруулдаг бөгөөд тухайн байгууллагын зээлийн эрсдэл нь багаас дунд хүртэлх түвшинд байгааг илтгэдэг. “Эрсдэлтэй зэрэглэл” ангилалд ВВ үнэлгээнээс D хүртэлх үнэлгээг багтаах бөгөөд байгууллагын зээлийн эрсдэл өндөр буюу өр төлбөрөө төлөх чадамж бага байгааг илэрхийлдэг.

Зээлжих зэрэглэл нь эрсдэлийг харьцуулалтын аргаар эрэмбэлдэг бөгөөд энэ нь дефолт болох давтамжийг урьдчилан таамаглаж илэрхийлдэггүй.

МИРА-ийн тогтоосон үнэлгээ нь зөвхөн зээлийн эрсдэл буюу өр төлбөр төлөх чадварыг илтгэдэг бөгөөд өөр төрлийн эрсдэлийг хамаардаггүй. Тодруулбал, зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь хүүгийн түвшин, хөрвөх чадвар болон зах зээлийн бусад хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалан тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ унаж алдагдалд орох эрсдэлийг илтгэдэггүй.

Үнэлгээ  Ангилал Тодорхойлолт
AAA Хөрөнгө оруулалтын зэрэглэл AAA үнэлгээ нь тухайн байгууллагын өр төлбөрөө төлөх чадвар хамгийн сайн, зээлийн эрсдэл хамгийн бага байгааг илтгэдэг.
АА+ АА үнэлгээ нь тухайн байгууллага өр төлбөрөө эргэн төлөх чадвар сайн буюу зээлийн эрсдэл нь маш бага байгааг илтгэдэг.
AA
AA-
A+ А үнэлгээ нь тухайн байгууллагын зээлийн эрсдэл нь бага байгааг илтгэдэг.
A
A-
BBB+ ВВВ үнэлгээ нь тухайн байгууллагын төлбөрийн чадвар болон зээлийн эрсдэл нь дунд байгааг илтгэдэг.
BBB
BBB-
BB+ Эрсдэлтэй зэрэглэл ВВ үнэлгээ нь тухайн байгууллагын зээлийн эрсдэл дунджаас дээш түвшинд байгааг илтгэдэг.
BB
BB-
B+ В үнэлгээ нь тухайн байгууллагын зээлийн эрсдэл өндөр түвшинд байгааг илтгэдэг.
B
B-
CCC+ CCC үнэлгээ нь тухайн байгууллагын зээлийн эрсдэл маш өндөр түвшинд байгааг илтгэдэг.
CCC
CCC-
CC+ СС үнэлгээ нь тухайн байгууллага төлбөрийн чадваргүй болоход маш ойрхон байгааг тодорхойлохоос гадна үндсэн болон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх чадвартайг илтгэнэ.
CC
CC-
C+ С үнэлгээ нь тухайн байгууллага төлбөрийн чадваргүй болсныг харуулахаас гадна үндсэн болон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх чадваргүйг илтгэнэ.
C
C-
D Дефолт Дефолт буюу төлбөрийн чадваргүй

 

Дотоодын зээлжих зэрэглэл

Дотоодын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан бөгөөд олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй харьцуулах боломжгүй юм. МИРА-аас өгсөн ААА үнэлгээ нь тухайн байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагуудтай харьцуулахад төлбөрийн чадвар хамгийн сайн байгааг болон зээлийн эрсдэл хамгийн бага байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл МИРА-аас тогтоосон үнэлгээ нь абсолют дефолт эрсдэлийг үнэлэхгүй бөгөөд зөвхөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг өөр хооронд нь харьцуулан эрэмбэлдэг. Иймээс үнэлгээ тогтоох аргачлалд системийн эрсдэл буюу дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагад нөлөөлөх эрсдэлийг авч үздэггүй болно.