“Инвескор ББСБ” ХК-ийн зээлжих зэрэглэл
Зэрэглэл тогтоосон үндэслэл
Жишиг банк бус санхүүгийн байгууллага: Нийт активын хэмжээ болон орлогын хэмжээгээр салбартаа тэргүүлэгч байр суурийг эзэлдэг (ББСБ-ын салбарын 10%-ийг дангаараа эзэлж байна) бөгөөд компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээгээр тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна. Түүнчлэн, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагуудаас урт хугацаат зээлийн санхүүжилтийг ББСБ салбартаа анх удаа авсан үзүүлэлттэй байна.
Зээлийн багцын чанар болон бизнесийн тогтвортой өсөлт: “Инвескор ББСБ” ХК нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн дундаж нийт хөрөнгийн жилийн өсөлт нь 80%, нийт зээлийн багцын өсөлт нь 74.3% байна. Нийт хөрөнгийн дүнгээр болон орлогын дүнгээр “Инвескор ББСБ” ХК нь салбартаа нэгдүгээрт жагсаж байгаагаас гадна нийт ББСБ-ын салбарын 10 орчим хувийг дангаар эзэлж байна. Түүнчлэн, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2023 оны 2 дугаар хагас жилийн байдлаар 4.5% байгаа нь салбарын үзүүлэлтээс 1.7 дахин бага байгаа юм.
Үйл ажиллагаа явуулснаас хойш тасралтгүй ашигтай ажилласан байдал: “Инвескор ББСБ” ХК нь 2023 оны 2 дугаар хагас жилээр нийт 56.35 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой, 18.8 тэрбум төгрөгийн хүүгийн зардалтай, 17.65 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй байна. Компани нь үйл ажиллагаа эхэлснээс хойш алдагдалтай ажиллаж байсан санхүүгийн тайлант жил байхгүй бөгөөд сүүлийн 5 жилийн нийт хөрөнгийн дундаж өгөөж 15.1% байгаа бол өөрийн хөрөнгийн дундаж өгөөж 26.5% байна. Тус байгууллага нь Казахстан, Киргизстан, Узбекстан улсуудад охин компаниудаа нээсэн бөгөөд эдгээр компаниудын үйл ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн нөхцөлд ашигт ажиллагаа илүү сайжрах боломжтой байна.
Эрсдэлийн удирдлагын сайн тогтолцоо: “Инвескор ББСБ” ХК нь 2022 онд ISO 9001 чанарын удирдлагын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд 2023 оны 7-р сарын 21-нд Канад улсад төвтэй MSECB олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэн, удирдлагын тогтолцооны хэрэгжилтээ дахин байталгаажуулсан байна. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь байгууллагад тулгарч болзошгүй төрөл бүрийн эрсдэлийг тодорхойлох, хэмжих, удирдах, хянах зэрэг үйл ажиллагааны шат дарааллаас бүрддэг бөгөөд эдгээр процесс нь байгууллагын хувьд тасралтгүй явагдаж байх ёстой юм. Компанийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь хамгаалалтын гурван бүсийн зарчимд тулгуурладаг бөгөөд эрдсэлийн удирдлагын шат дараалал бүрд шаардлагатай баримт бичиг, дүрэм журмыг боловсруулан батлуулан ажилласан байна.
Эх үүсвэрийн олон талын төрөлжилт: “Инвескор ББСБ” ХК-ийн нийт хөрөнгийн санхүүжилтийг 2023 оны 2 дугаар улирлын байдлаар аваад үзвэл 32.8%-ийг өөрийн хөрөнгөөр, 67.2%-ийг өр төлбөр, үүнд 21.6%-ийг итгэлцлийн үйлчилгээ, 22%-ийг банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, 10.6%-ийг өрийн бичиг, 12.96%-ийг бусад өглөг бүрдүүлж байна. Тайлант огноогоор “Инвескор ББСБ” ХК нь Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, “Бридж Жапан” ХХК, Рио Тинто, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, М банк г.м. санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татсан үзүүлэлттэй байна.
Үйл ажиллагаа нь өргөжих нөөц бололцоо: “Инвескор ББСБ” ХК-ийн охин компаниуд Киргизстан, Казахстан, Узбекстан улсуудад үйл ажиллагаа нээгээд удаагүй байгаа бөгөөд үйл ажиллагаа нь хараахан жигдрээгүй байна. Хэрэв эдгээр салбар компаниуд нь ирэх 5 жилийн төлөвлөгөөг ханган ажилласан нөхцөлд 2027 оны байдлаар нийт орлогын 50% нь гадаад зах зээлээс төвлөрөхөөр байна (2023 оны төлөвлөгөөний дагуу хүүгийн орлогын 16% нь гадаад зах зээлээс 84% нь Монгол Улсаас төвлөрч байна).
Зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс
Эерэг нөлөөлж болзошгүй хүчин зүйлс: Компанийн хөрвөх чадвартай актив, болзошгүй эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгийг хангалттай түвшинд хадгалах, Казахстан, Узбекстан, Киргизстан зэрэг орнуудад байгуулсан салбар компаниудын үйл ажиллагаа тогтворжсон нөхцөлд орлогын төрөлжилт сайжрах боломжтой байна. Зээлжих зэрэглэлийн компанийн зүгээс “Инвескор ББСБ” ХК нь дараах үйл ажиллагааг хамтад нь авч хэрэгжүүлбэл зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд:
- Зээлдэгчдийн зээлжих чадварын үнэлгээг үргэлжлүүлэн сайжруулах
- Хангалттай хөрвөх чадвартай санхүүгийн хөрөнгийн нөөцийг нэмэх
- Олон улсад үйл ажиллагаа явуулж буй охин компаниудын үйл ажиллагааг сайжруулж чадавхжуулах
Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс: Үйл ажиллагааны үр дүн муудах, хөрвөх чадвар муудах, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо суларснаас ISO 9001 Чанарын стандартыг хангаж ажиллахгүй байх зэрэг нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөхөөр байна. Дараах үйл явдал нь дангаар эсхүл хамтдаа болох нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнд:
- Бизнесийг өргөжүүлэх хүлээлт биелээгүй, боломжгүй болох
- Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
- Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо муудах.
Зээлжих зэрэглэлийн төлөв: Тогтвортой (Stable)
Зээлжих зэрэглэлийн тогтмол буюу stable төлөв нь компани зээлийн багцын чанар болон тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын сайн тогтолцоо болон эх үүсвэрийн төрөлжилт сайтай зэргээс хамаарсан богино хугацааны төлөвийн үнэлгээ юм.
Компани ирэх оны 1 дүгээр улирал хүртэл 50.0 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа нь цаашид өр төлбөр, хөрөнгийн харьцаагаа 3-с доош түвшинд хадгалах, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Компанийн тухай
“Инвескор ББСБ” ХК (РД: 6060854, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, IC тауэр, 14 давхар) нь 2016 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаа, факторингийн үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Санамж
МИРА-гийн зэрэглэлийн үнэлгээ холбогдох эх сурвалжаас цуглуулсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд санаатайгаар ямар нэгэн мэдээллийг орхигдуулаагүй болно. Бид цуглуулсан мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй бөгөөд тооцоолол, ирээдүйн төсөөллийн биелэлтэд баталгаа өгөөгүй болно.
Зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтын шинжилгээг орлохгүй бөгөөд аливаа эрсдэл үүссэн нөхцөлд манай байгууллага үүрэг хүлээхгүй болно.
Мөн МИРА-гийн тогтоосон аливаа зэрэглэлд төрийн эрх бүхий байгууллага үүрэг хүлээхгүй болно.
Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь байгууллагын цахим хуудсанд нээлттэй байна. Мөн МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодикс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг цахим хуудсаас авах боломжтой.
Доорх линкээр орж нэмэлт анхааруулга, тодруулгатай танилцана уу. https://mira.mn/index.php/disclaimer/