ЛэндМН ББСБ ХК-ийн зээлжих зэрэглэл

МИРА нь “ЛэндМН ББСБ” ХК-ийн байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг тогтоов

Зээлжих зэрэглэл тогтоогч МИРА нь “ЛэндМН ББСБ” ХК-ийн байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг ‘BBB‘ тогтоов; Төлөв – Хувьсах.

  • Бонд гаргагчын зэрэглэл: BBB (Хөрөнгө оруулалтын)
  • Бондын зэрэглэл: BBB (Хөрөнгө оруулалтын)
  • Төлөв – Хувьсах

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Эерэг нөлөөлөх магадлалтай хүчин зүйлс:

  • Хөрвөх чадвар сайтай актив хөрөнгийн түвшинг нэмэгдүүлэх
  • Активын чанарт нөлөөлөхгүйгээр бизнесийн өргөжин тэлэх стратегийг авч хэрэгжүүлэх
  • Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хугацааг уртасгах

Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс:

  • Бизнесийг өргөжүүлэх хүлээлт биелээгүй, боломжгүй болох
  • Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
  • Чанаргүй зээлийн түвшин салбарын дунджаас өсөх.

Зээлжих зэрэглэлийн төлөв: Хувьсах (Evolving)

Зээлжих зэрэглэлийн хувьсах буюу evolving төлөв нь компани зээлийн багцаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх стратеги, санхүүжилтийн эх үүсвэр татах төлөвлөгөө болон толгой компанийн дэмжлэгийг харгалзан үзсэн зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвийн үнэлгээ юм.

Компани өрийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2024 онд төлөгдөх хуваарьтай банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, хугацаа дуусах бондын төлбөрийг төлөх зорилгоор 2024 онд багтаан 25.0 тэрбум төгрөгийн бондын биржийн бус зах зээл болон нээлттэй зах зээлд арилжаалахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнээс 5.0 тэрбум төгрөгийг 2024 оны 1  дүгээр улиралд амжилттай арилжаалсан байна.

Компанийн тухай:

2006 онд үүсгэн байгуулагдаж 2015 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгон гаргах замаар нээлттэй хувьцаат компани болсон. Тус банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгох үйл ажиллагаа, гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйл ажиллагаа, итгэлцлийн үйлчилгээ, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах чиглэлээр СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Санамж:

МИРА-гийн шинжээчид нь үнэт цаас гаргагчаас гаргаж өгсөн баримт материалууд болон нийтэд ил байгаа хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн хараат бусаар зэрэглэл тогтоох үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу үнэлсэн бөгөөд тус тайланд дурдагдсан ирээдүйн төсөөллийн шинжтэй тоон болон чанарын мэдээллийн биелэлтэд баталгаа өгөх боломжгүй болно. Зэрэглэл тогтооход ашигласан тусгайлан боловсруулсан аргачлалтай https://mira.mn/wp-content/uploads/2023/05/General-framework-rating-methodology.pdf дэлгэрэнгүй танилцана уу. Үнэт цаас гаргаж буй үнэт цаас гаргагч, харилцагч байгууллагын гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг МИРА хариуцахгүй.

МИРА-гийн Зэрэглэлийн хорооны тогтоосон зэрэглэл нь МИРА ХХК-ийн тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн үнэт цаас гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтнуудаас хараат бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэлсэн хамтын үнэлгээ, дүгнэлт бөгөөд тус зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын шийдвэр хийх зөвлөмж, зөвлөгөөнд тооцогдохгүй бөгөөд заавал дагаж мөрдөгдөхгүй шинжийг агуулаагүй.

Хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үнэт цаасны танилцуулга болон МИРА-гийн зэрэглэл тогтоосон үндэслэлтэй сайтар танилцаж судлан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Үнэт цаас гаргагч болон үнэт цаасанд МИРА-гийн Зэрэглэлийн хорооны зүгээс зэрэглэл тогтоосон нь үнэт цаас гаргагчийн болон гаргахаар зорьж буй үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд гаргасан баталгаанд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулагчийн өмнө МИРА нь аливаа хариуцлага хүлээхгүй болно.

МИРА-гийн зүгээс үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах этгээдүүдээс хараат бус бөгөөд аливаа хэлбэрээр нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо баталгаажуулан илэрхийлж байна.

Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь веб хуудсанд нээлттэй байна. МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг веб хуудаснаас https://mira.mn/index.php/mn/disclaimer-mn/ орж дэлгэрэнгүй танилцана уу.