МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ: ЭКСПОРТЫН НӨЛӨӨЛӨЛ БА БОДИТ ӨСӨЛТ

Монгол Улсын эдийн засаг экспортоосоо шууд хамааралтай байсаар ирсэн. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг тооцохдоо гол анхаарах зүйл бол экспорт, тэр дундаа нүүрс болон зэсийн экспортын хэмжээ, үнэ юм. Иймээс ч 2025 оны эдийн засгийн өсөлтийг тооцоход экспортыг голлон үзэж нөлөөллийг тооцов.

Нүүрсний экспортын төсөөлөл ба нөлөө

2025 онд Монгол Улс нүүрсний экспортоо 100 сая тонн болгох зорилт тавьсан ч эхний улиралд экспортын хэмжээ хангалтгүй байсан. Судлаачид энэхүү зорилтыг 83.3 сая тонн гэж шинэчлэн таамагласан. Энэ нь анхны зорилгоос доогуур үзүүлэлт бөгөөд экспортын орлого буурахад хүргэж байна. Түүнчлэн, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 100 ам.доллар хүртэл буурах хандлагатай байгаа нь Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болох юм. Үүний үр дүнд 2025 оны нүүрсний экспортын орлого 30.03 их наяд төгрөг байх төлөвтэй байна. Ингэхдээ ам.долларыг 2025 онд дунджаар 3604.45 байна гэж тооцож, ашигласан болно.

Зэсийн экспортын өсөлт

Нөгөөтэйгүүр, 2025 оны таатай мэдээ бол зэсийн үнэ өсөх төлөвтэй байгаа явдал юм. Зэсийн үнэ өссөнөөр Монгол улсын экспортын орлогын хэмжээ өсөх бөгөөд өмнө дурдсанчлан Монгол Улсын эдийн засаг экспортоосоо шууд хамааралтай болно. Тоцоолсоноор 2025 оны Монгол Улсын зэсийн экспортын орлогыг 13.58 их наяд гэж үзсэн. Энэ нь нүүрсний экспортын бууралтыг тодорхой хэмжээнд нөхөхөөр байна.

Нийт экспорт ба ДНБ-ийн тооцоолол

Монгол Улсын 2025 оны экспортын орлогын 74%-ийг нүүрс ба зэс эзэлнэ гэх тоцоолол гаргасан ба энэхүү үзүүлэлт дээрээ үндэслэн 2025 оны нийт экспортын орлогыг 58.93 их наяд төгрөг гэж тооцов.

Сүүлийн 5 жилийн статистик дээр үндэслэж дунджаар экспорт нь ДНБ-ий 66.45%-ийг бүрдүүлдэг гэж үзвэл, 2025 оны Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 88.68 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоо гарсан.

Энэ нь өнгөрсөн оноос 10.92%-ийн нэрлэсэн өсөлттэй гарч байгаа боловч, 2025 оны инфляцийн түвшинг Монголбанкнаас мэдээлснээр 7.2% гэсэн. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй ч 2025 оны бодит эдийн засгийн өсөлт 3.47% болно гэж тогтоолоо.

Дүгнэлт

Монгол Улсын эдийн засаг экспортод өндөр хэмжээгээр хамааралтай хэвээр байна. Нүүрсний экспортын тоо хэмжээ болон үнэ буурсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа ч нөгөөтэйгүүр, зэсийн үнэ өсч буй нь эдийн засгийг тогтвортой өсөхөд нь ихээхэн тус болно гэж харж байна. Товчхондоо Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2025 онд 3.47% байна гэж таамаглав.

Иймд цаашид Монгол Улс эдийн засгийн бүтэц, экспортын тэнцвэрт байдлыг сайжруулах, инфляцын хяналтыг бэхжүүлэх шаардлагатай юм.