Ашид Капитал ББСБ ХХК-н зээлжих зэрэглэл

Зэрэглэл тогтоосон үндэслэл

Зээлийн багц тогтвортой өсч байна: Симпл нь өөрийн дижитал платформ ашиглан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын үйл ажиллагааг хялбаршуулах зорилтын хүрээнд зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр зээлийн багц 2022 онд өмнөх оноос 57.4%-иар өсч, 180’402.6 сая төгрөгт хүрчээ. Энэхүү зээлийн үлдэгдлийн 72.1%-ийг дижитал зээл эзэлж байна. Симпл нь дундаж орлоготой иргэдэд чиглэж үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд зээлийн дундаж дүн  1.9 сая төгрөг, хугацаа 18 сар орчим байна. Хүүгийн түвшний хувьд зээлийн бүтээгдэхүүнээс хамааран 14%-28%-тай байна. Симплийн 5 жилийн стратеги төлөвлөгөөнд дижитал зээл нь бизнесийн голлох бүтээгдэхүүн хэвээр үлдэх (зээлийн багцын 60%-65%), бизнесийн зээл болон машины зээл үлдсэн (35%-40%) хувийг бүрдүүлэхээр тусгасан байна. Цаашид уламжлалт аргаар олгож буй зээлийн процессыг сайжруулж, цахимаар олгох зээлийн төрлөө нэмэгдүүлэх, кредит скоринг моделийг сайжруулах нь компанийн дунд болон урт хугацааны зээлийн эрсдэлийг удирдахад нэн чухал үүрэгтэй байна.

Хангалттай өөрийн хөрөнгөтэй байх нь компанийн урт хугацааны өсөлтөд чухал нөлөө үзүүлэх тул өр төлбөр өсөн нэмэгдэж байгаад анхаарах шаардлагатай: 2022 оны байдлаар Симплийн 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн эрсдэлээр жигнэсэн харьцаа нь 40.6% (2021 онд: 44.4%) буюу 61’759.1 сая төгрөг байсан. Ирэх 5 жилд компанийн зээлийн багцын нийлмэл жилийн өсөлт (CAGR) нь ойролцоогоор 17.0%-тай байхаар төлөвлөж байгаа нь өөрийн хөрөнгийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Учир нь цахимаар олгож буй зээлүүд барьцаагүй бөгөөд зээлийн хөрөнгө худалдан авч буй эх үүсвэр болох өр төлбөр нэмэгдэх тул түүнд харгалзах өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага бий болно.

МИРА нь Симплийг хангалттай хэмжээний өөрийн хөрөнгийн нөөцтэй байж зээлийн багцын чанарын өөрчлөлтөөс хүлээж болзошгүй алдагдлыг даах чадвартай байна гэсэн хүлээлттэй байна. 2022 оны байдлаарх компанийн санхүүгийн хөшүүрэг (өр төлбөр/эздийн өмч) 2.4x байсан бөгөөд цаашид компани нь зохистой харьцааны шалгуур, үзүүлэлт хангахын тулд тус харьцааг 4-с доош байлгах шаардлагатай. Симпл нь 2023 онд багтаан 55 тэрбум төгрөг хүртэлх бондыг босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд санхүүгийн хөшүүргийн харьцааг 3-с доош түвшинд байлгах тооцоололтой байна.

Цахимаар зээл олгож, орон нутагт олгогдсон зээл нэмэгдсэн: Сүүлийн 2-3 жилийн хугацаанд удирдлага нь шинэ бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлж, мэдээллийн технологийн системийг сайжруулан зээлийн эрсдэлийн төвлөрлийг бууруулж зээлийн хяналтын системээ сайжруулсан. Тус компани нь ББСБ-ын салбартай харьцуулахад орон нутагт олгосон зээл нь нийт зээлийн багцад эзлэх хувь өндөр байна (ББСБ-ын салбарын түвшинд УБ: 98%, Хөдөө: 2.0%, Симпл- УБ: 82.9%, Хөдөө: 17.1%).

Цаашид үйл ажиллагаа нь өргөжих нөөц бололцоотой байна: Симплийн бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн тогтворжоогүй хэдий ч зээлийн өсөлтийг дэмжих мэдээлэл технологийн дэд бүтэцтэй байна. Уламжлалт аргаар зээл олгож буй өрсөлдөгч ББСБ-иудтай харицуулахад Симпл цахимаар зээл олгож байгаа одоогийн дэд бүтцээ ашиглан бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжтой. Мөн тус байгууллага нь уламжлалт аргаар олгож буй зээл олголтын үйл ажиллагааг цахимжуулж, зээлийн багцаа цаашид өсгөх төлөвлөгөөтэй байна.

Гаргаж буй өрийн бичиг нь компанийн эх үүсвэрийг төрөлжүүлнэ: 2022 оны эцсийн байдлаар компани нь холбоотой талууд болох MCS Холдинг ХХК-иас болон МCS Проперти ХХК-иас бонд болон хоёрдогч өглөг хэлбэрээр санхүүжилт татсан байна. Үүнээс гадна компани нь нээлттэй зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан байна. 2022 оны байдлаар нийт хөрөнгийн 70.6%-ийг өр төлбөр, 28.9%-ийг эздийн өмч эзэлж байна. 2023 онд багтаан тус байгууллага нь 55 тэрбум төгрөг хүртэлх дүн бүхий өрийн бичиг гаргаж санхүүжилт татах төлөвлөгөөтэй байна. Өрийн бичиг гаргах нь хөрөнгө нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд санхүүгийн хөшүүргийн харьцааг 3 дотор байлгах тооцоотой байна. Өрийн бичиг гарган босгох хөрөнгийн зарим хэсгээр одоо байгаа бондын үндсэн төлбөрийг төлөхөд зарцуулна.

Хөрвөх чадварын үзүүлэлт хангалттай байна:  2022 онд компанийн ажлын капиталыг (богино хугацаат хөрөнгө-богино хугацаат өр төлбөр) нийт хөрөнгөд харьцуулсан харьцаа 52%, нийт өр төлбөрт харьцуулсан харьцаа 73% тул богино хугацаат хөрвөх чадварыг хангалттай гэж үзэв. Симплийн зүгээс хөрвөх чадвараа хэвээр хадгалж ирэх саруудад төлөх өрийн бичгийн төлбөрөө хугацаандаа төлөх төлөвлөгөөтэй байна. 2022 оны эцсийн байдлаар тус компанийн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө нь 29’017 сая төгрөг байсан нь 2023 онд төлөхөөр тооцоолж буй хүүгийн зардал болох 19’819 сая төгрөгийг бүрэн төлөх боломжтой байна. 2022 оны эцсийн байдлаар хөрвөх чадварын харьцаа 21%-тай байна.

Зээлийн зардлын өсөлтөө тогтворжуулах шаардлагатай байна: Компанийн чанаргүй зээлийн хувь 2023 оны 1-р улиралд 10.2%, 2022 оны эцсийн байдлаар 7.8%-тай байна. Симпл нь СТОУС 9-н дагуу үнэ цэнийн бууралтын сан тооцож, зохистой хэмжээнд уг стандартыг мөрдөн ажиллаж байна гэж үзэж байна. СТОУС 9-ийн дагуу хүлээгдэж буй алдагдлыг тооцсоноор чанаргүй зээлд үнэлгээ хийж макро эдийн засгийн нөлөөллийг үнэлж ирээдүйд чиглэсэн тооцоолол хийх шаардлагатай. Симпл нь ирээдүйн чанаргүй зээлийг 2.5-3% хүртэл бууруулах тооцоололтой байна. МИРА-гийн зүгээс энэ зорилтыг биелүүлэхэд бэрхшээлтэй байх хэдий ч тогтвортой өсөлтийг хадгалах, зээл олголтын процессын чанарыг сайжруулан зээл чанаргүй болохоос түрүүлж арга хэмжээ авах механизм бий болгох, чанаргүй зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг авах зэрэг үйл ажиллагааг сайжруулснаар энэхүү үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна.

Компанийн ашигт ажиллагаа бизнес өргөхийн хэрээр сайжрах хүлээлттэй хэдий ч дарамттай хэвээр байна: Симплийн жижиг дүнтэй, дижитал зээлийг авч үзвэл зах зээлийн хүүгийн түвшин өссөнтэй холбоотойгоор хүүгийн цэвэр орлого 2022 онд өсчээ (2022: 10.5%, 2021:7%). Энэ үзүүлэлт дунд хугацаанд 13%-15% хүрэх төсөөлөлтэй байгаа хэдий ч компанийн ашигт ажиллагаа нь үйл ажиллагааны болон зээлийн өндөр зардлаар (>10%)-аар хязгаарлагдаж байна. МИРА зүгээс компанийн зээлийн багц нэмэгдэхийн хэрээр үйл ажиллагааны зардал дунд хугацаанд багасна гэж үзэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш бий болгосон одоогийн дэд бүтцээ ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны үр ашиг цаашид нэмэгдэнэ. Түүнчлэн хэрэв компани үйл ажиллагааны үр ашгаа сайжруулах замаар одоогийн өсөлтөө хадгалж чадвал дунд хугацаанд санхүүжилтийн өртөг, зээлийн үйл ажиллагааны өртгөө бууруулж чадна. Өөрөөр хэлбэл, ашигт ажиллагаагаа сайжруулах гол түлхүүр нь болно. 2022 оны санхүүгийн жилд компанийн активын өгөөж 4.4% (2021: 0.3%), өөрийн хөрөнгийн өгөөж 15.2% (2021: 0.7%) тус тус байна.

Толгой компани (MCS Холдинг ХХК) хүчтэй дэмжлэг үзүүлж байна: МИРА нь толгой компанийн дэмжлэг үзүүлэх чадвар, дэмжлэг үзүүлж ирсэн хандлага (өмнөх хугацааны нотлох баримтыг оруулаад), дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх чадвар зэргийг компанийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд тусгасан болно.

Зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс

Эерэг нөлөөлж болзошгүй хүчин зүйлс: Компанийн хөрвөх чадвартай актив, болзошгүй эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгийг хангалттай түвшинд хадгалах, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжилтийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ активын чанараа тогтвортой хадгалан ашигт ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байна.  Зээлжих зэрэглэлийн компанийн зүгээс Симпл нь дараах үйл ажиллагааг хамтад нь авч хэрэгжүүлбэл зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна:

  • Активын чанарыг муутгахгүйгээр бизнесийг өсөлтийг дэмжих
  • Үйл ажиллагааг тогтвортой явуулах санхүүгийн нөөцийг бий болгох
  • Зээлдэгчдийн зээлжих чадварын үнэлгээг үргэлжлүүлэн сайжруулах
  • Хангалттай хөрвөх чадвар, санхүүгийн хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх

Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс: Үйл ажиллагааны үр дүн муудах, хөрвөх чадвар муудах, 2023 оны 3-р улиралд татахаар төлөвлөсөн эх үүсвэрийн хугацаа хойшлох, активын чанар сайжрахгүй байх эсхүл өр төлбөрийн өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа байнга 3.0 дахин харьцаанаас илүү гарах зэрэг нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөхөөр байна. Дараах үйл явдал нь дангаар эсхүл хамтдаа болох нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байна:

  • Бизнесийг өргөжүүлэх хүлээлт биелээгүй боломжгүй болох
  • Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
  • Хөрөнгө багассанаар эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгө буурах
  • Хөрөнгө өр төлбөрийн харьцаа 3х хэтрэх

Зээлжих зэрэглэлийн төлөв: Хувьсах (Evolving)

Зээлжих зэрэглэлийн хувьсах буюу evolving төлөв нь компани зээлийн багцаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх стратеги, санхүүжилтийн эх үүсвэр татах төлөвлөгөө болон толгой компанийн дэмжлэгийг харгалзан үзсэн зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвийн үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл, Симпл нь эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж чадах эсэхээс цаашид зээлжих зэрэглэлийн үнэлгээ хамаарахыг харуулсан төлөвийн үнэлгээ юм.

Компани энэ оны 4 дүгээр улиралд 55.0 тэрбум төгрөгийн бонд гаргахаар төлөвлөж байгаа нь цаашид өр төлбөр, хөрөнгийн харьцаагаа 3-с доош түвшинд хадгалах, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд чухал гүйцэтгэнэ. Зээлжих зэрэглэлийн эжинсигийн зүгээс Симпл нь бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлснээр компанийн ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Компанийн тухай

“Ашид Капитал ББСБ” ХХК (РД: 6105572, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Централ Тауэр 5 давхар) нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, 2020 оноос үйл ажиллагаа явуулж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь Simple нэрээр буюу дижитал зээлийн платформоор дотоодын зах зээлд танигдсан, цаашид тэргүүлэх дижитал зээлийн платформ болох алсын хараатай үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн гол зорилго нь сүүлийн үеийн технологи, зээлийн эрсдэлийн үнэлгээний ухаалаг систем (credit scoring systems)-ийг ашиглан санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд өөрсдийн санхүүгийн чадавхид тохирсон зээлийн үйлчилгээг авах боломжийг олгох явдал юм.

Санамж

МИРА-гийн зэрэглэлийн үнэлгээ холбогдох эх сурвалжаас цуглуулсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд санаатайгаар ямар нэгэн мэдээллийг орхигдуулаагүй болно. Бид цуглуулсан мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй бөгөөд тооцоолол, ирээдүйн төсөөллийн биелэлтэд баталгаа өгөөгүй болно.

Зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтын шинжилгээг орлохгүй бөгөөд аливаа эрсдэл үүссэн нөхцөлд манай байгууллага үүрэг хүлээхгүй болно.

Мөн МИРА-гийн тогтоосон аливаа зэрэглэлд төрийн эрх бүхий байгууллага үүрэг хүлээхгүй болно.

Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь байгууллагын цахим хуудсанд нээлттэй байна. Мөн МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодикс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг цахим хуудсаас авах боломжтой.

Доорх линкээр орж нэмэлт анхааруулга, тодруулгатай танилцана уу. https://mira.mn/index.php/disclaimer/