Соно Финтек ББСБ ХХК-ийн зээлжих зэрэглэл
МИРА нь “Соно Финтек ББСБ” ХХК-ийн байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг тогтоов
Зээлжих зэрэглэл тогтоогч МИРА нь “Соно Финтек ББСБ” ХХК-ийн байгууллагын болон бондын зээлжих зэрэглэлийг ‘BBB-‘ тогтоов; Төлөв – Хувьсах.
- Бонд гаргагчын зэрэглэл: BBB- (Хөрөнгө оруулалтын)
- Бондын зэрэглэл: BBB- (Хөрөнгө оруулалтын)
- Төлөв – Хувьсах
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС
Эерэг нөлөөлж болзошгүй хүчин зүйлс:
Компанийн хөрвөх чадвартай актив, болзошгүй эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгийг хангалттай түвшинд хадгалах, одоогийн байгаа активын чанарыг алдалгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх зэрэг нь компанийн цаашдын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөөр байна. Зээлжих зэрэглэлийн компанийн зүгээс “Соно Финтек ББСБ” ХХК нь дараах үйл ажиллагааг хамтад нь авч хэрэгжүүлбэл зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд:
- Хөрвөх чадвар сайтай хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх
- Эх үүсвэрийн жигнэсэн дундаж зардалыг бууруулах
- Эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах.
Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс:
Үйл ажиллагааны үр дүн муудах, СЗХ-оос баталсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж ажиллаагүй байх, хөрөнгийн өсөлттэй зэрэгцэн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахгүй байх зэрэг нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөхөөр байна. Дараах үйл явдал нь дангаар эсхүл хамтдаа болох нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнд:
- Бизнесийг өргөжүүлэх хүлээлт биелээгүй, боломжгүй болох
- Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
- Чанаргүй зээлийн хувь өсөх.
Зээлжих зэрэглэлийн төлөв: Хувьсах (Evolving)
Зээлжих зэрэглэлийн хувьсах буюу evolving төлөв нь компани зээлийн багцаа нэмэгдүүлэх, төрөлжүүлэх стратеги, санхүүжилтийн эх үүсвэр татах төлөвлөгөө болон толгой компанийн дэмжлэгийг харгалзан үзсэн зээлжих зэрэглэлийн богино хугацааны төлөвийн үнэлгээ юм.
Компанийн тухай:
“Соно Финтек ББСБ” ХХК (РД: 6546331, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж 10/2, Твин тауэр-2 1301 тоот) нь 2020 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр гар утасны аппликейшнээр дамжуулан зээл олгох үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.
Санамж:
МИРА-гийн шинжээчид нь үнэт цаас гаргагчаас гаргаж өгсөн баримт материалууд болон нийтэд ил байгаа хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн хараат бусаар зэрэглэл тогтоох үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу үнэлсэн бөгөөд тус тайланд дурдагдсан ирээдүйн төсөөллийн шинжтэй тоон болон чанарын мэдээллийн биелэлтэд баталгаа өгөх боломжгүй болно. Зэрэглэл тогтооход ашигласан тусгайлан боловсруулсан аргачлалтай https://mira.mn/wp-content/uploads/2023/05/General-framework-rating-methodology.pdf дэлгэрэнгүй танилцана уу. Үнэт цаас гаргаж буй үнэт цаас гаргагч, харилцагч байгууллагын гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг МИРА хариуцахгүй.
МИРА-гийн Зэрэглэлийн хорооны тогтоосон зэрэглэл нь МИРА ХХК-ийн тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн үнэт цаас гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтнуудаас хараат бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэлсэн хамтын үнэлгээ, дүгнэлт бөгөөд тус зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын шийдвэр хийх зөвлөмж, зөвлөгөөнд тооцогдохгүй бөгөөд заавал дагаж мөрдөгдөхгүй шинжийг агуулаагүй.
Хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үнэт цаасны танилцуулга болон МИРА-гийн зэрэглэл тогтоосон үндэслэлтэй сайтар танилцаж судлан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Үнэт цаас гаргагч болон үнэт цаасанд МИРА-гийн Зэрэглэлийн хорооны зүгээс зэрэглэл тогтоосон нь үнэт цаас гаргагчийн болон гаргахаар зорьж буй үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд гаргасан баталгаанд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулагчийн өмнө МИРА нь аливаа хариуцлага хүлээхгүй болно.
МИРА-гийн зүгээс үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах этгээдүүдээс хараат бус бөгөөд аливаа хэлбэрээр нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо баталгаажуулан илэрхийлж байна.
Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь веб хуудсанд нээлттэй байна. МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг веб хуудаснаас https://mira.mn/index.php/mn/disclaimer-mn/ орж дэлгэрэнгүй танилцана уу.