“Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн зээлжих зэрэглэл

Зэрэглэл тогтоосон үндэслэл

Төрөлжсөн банк бус санхүүгийн байгууллага: “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2024 оны 2 дугаар улирлын байдлаар нийт активын хэмжээ 256.3 тэрбум төгрөгт хүрч 2024 оны 2 дугаар улирлын байдлаар активын хэмжээгээр нийт ББСБ-уудын дунд 3 дугаарт жагсаж байна. Компани нь нийт 280 мянган харилцагч, үйлчлүүлэгчдэдээ Улаанбаатар хотод байрлах 9 салбар, орон нутагт байрлах 15 салбараараа дамжуулан төрөл бүрийн уламжлалт зээл олгож байгаагаас гадна PayOn аппликейшнээр дамжуулан дижитал зээлийн бүтээгдэхүүнээ санал болгож байна.

Үйл ажиллагаа өргөжих нөөц бололцоо: “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь бизнесийн зээл, барьцаат зээл, ногоон зээл, автомашин барьцаалсан зээл, дижитал зээл, санхүүгийн түрээс, худалдан авалтын зээл зэрэг төрөл бүрийн зээлийн бүтээгдэхүүн зорилтот зах зээлд санал болгож байна. Зээлийн багцын дийлэнх хувийг автомашин барьцаалсан зээл болон аппликейшнээр дамжуулан олгосон дижитал зээл эзэлж байгаа бөгөөд бизнесийн зээлийн багц болон ногоон зээлийн багцыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагаагаа өргөжин тэлэх боломж байсаар байна.

Эрсдэлийн удирдлагын тогтолцоо: “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч эрсдэлийн удирдлагын сайн тогтолцоонд шаардлагатай дүрэм, журмыг батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан “Хүлээн зөвшөөрөх эрсдэлийн баримт бичиг” болон Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн бодлого” нар нь дээрх тогтолцооны үндсэн баримт бичгүүд байна. Компанийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь хамгаалалтын гурван бүсийн зарчимд тулгуурладаг бөгөөд эрсдэлийг тодорхойлох, хэмжих, удирдах, хянах шат дараалал бүрийг хариуцсан газар, нэгжтэй нь нарийвчлан тодорхойлж тусгасан байна. Түүнчлэн, компани нь ISO 27001:2013 мэдээллийн аюулгүй байдлын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд 2024 оны 5-р сарын 3-нд Канад улсын QFS Management Systems LLP олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэн, удирдлагын тогтолцооны хэрэгжилтээ баталгаажуулсан байна.

БОНЗ (ESG): “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь 2021 оноос хурдацтай өсөж нийт хөрөнгийн дүнгээр ББСБ-ын салбарын 4.45%-ийг эзэлж байна. Компани нь Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны үндсэн гишүүн бөгөөд Environment, social, and governance (ESG) буюу Байгаль орчин, нийгэмд ээлтэй, зөв засаглалын үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах үүргийг биелүүлэх зорилгоор дотооддоо бодлого батлуулан НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтууд, Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн 8 зарчмыг удиртгал болгон байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахаар заасан байна. Үүний хүрээнд компани нь 2023 онд “ногоон оффис”, “Go Green”, “TreeOn”, “Ногоон Хөгжлийг Дэмжинэ”, ногоон подкаст зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

Толгой компанийн дэмжлэг: “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ньТаван Богд Холдингс” ХХК, “Таванбогд” ХХК, Ц.Баатарсайхан нар байна. Өнгөрсөн хугацаанд “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн гаргасан 77.4 тэрбум төгрөгийн дүнтэй ББЗЗ-д арилжаалсан бондод “Таван Богд Холдингс” ХХК 100% баталгаа гаргаж байснаас гадна 2022 оноос хойш хувьцаат капиталыг нэмэгдүүлэх замаар 35 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Цаашид ч мөн толгой компанийн зүгээс “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэн ажиллах чадвар өндөр байна.

Зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс

Эерэгээр нөлөөлөх магадлалтай хүчин зүйлс: Компанийн хөрвөх чадвартай актив, болзошгүй эрсдэлээс хамгаалах нөөц хөрөнгийг хангалттай түвшинд хадгалах, одоогийн байгаа активын чанарыг алдалгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг нь компанийн цаашдын үйл ажиллагаанд эергээр нөлөөлөхөөр байна. Зээлжих зэрэглэлийн компанийн зүгээс “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь дараах үйл ажиллагааг хамтад нь авч хэрэгжүүлбэл зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд:

      • Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх,
      • Активын чанарыг хэвээр хадгалах замаар зээлийн багцыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх,
      • Хөрвөх чадвартай хөрөнгийн дүнг нэмэгдүүлэх.

Сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлс: Дараах үйл явдал нь дангаар эсхүл хамтдаа болох нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Үүнд:

      • Бизнесийг өргөжүүлэх хүлээлт биелээгүй, боломжгүй болох
      • Санхүүжилтийн сорилттой тулгарч хөрвөх чадвар буурах
      • Чанаргүй зээлийн хувь өсөх.

Зээлжих зэрэглэлийн төлөв: Хувьсах (Evolving)

Зээлжих зэрэглэлийн хувьсах буюу evolving төлөв нь компанийн үүсгэн байгуулагдаад удаагүй байдал, зээлийн багцын чанар болон хурдацтай өсөлт зэргээс хамаарсан богино хугацааны төлөвийн үнэлгээ юм.  

Компанийн тухай

“Таван Богд Финанс ББСБ” ХХК (РД: 6710891, Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил махатма ганди, Эл Эс Плаза 103, 902, 1001, 1003 тоот)  нь 2021 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Тус банк бус санхүүгийн байгууллага нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээл олгох үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.

Санамж

МИРА-гийн шинжээчид нь үнэт цаас гаргагчаас гаргаж өгсөн баримт материалууд болон нийтэд ил байгаа хөрөнгийн зах зээлийн албан ёсны мэдээлэл, эх сурвалжууд дээр үндэслэн хараат бусаар зэрэглэл тогтоох үйл ажиллагааг тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу үнэлсэн бөгөөд тус тайланд дурдагдсан ирээдүйн төсөөллийн шинжтэй тоон болон чанарын мэдээллийн биелэлтэд баталгаа өгөх боломжгүй болно. Зэрэглэл тогтооход ашигласан тусгайлан боловсруулсан аргачлалтай https://mira.mn/wp-content/uploads/2023/05/General-framework-rating-methodology.pdf дэлгэрэнгүй танилцана уу. Үнэт цаас гаргаж буй үнэт цаас гаргагч, харилцагч байгууллагын гаргаж өгсөн баримт материалын үнэн зөв байдлыг МИРА хариуцахгүй.

МИРА-гийн Зэрэглэлийн хорооны тогтоосон зэрэглэл нь МИРА ХХК-ийн тусгайлан боловсруулсан аргачлалд үндэслэн үнэт цаас гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтнуудаас хараат бус мэргэжлийн шинжээчдийн үнэлгээнд тулгуурласан санхүүжих чадавхын зэрэглэлийг үнэлсэн хамтын үнэлгээ, дүгнэлт бөгөөд тус зэрэглэлийн үнэлгээ нь хөрөнгө оруулалтын шийдвэр хийх зөвлөмж, зөвлөгөөнд тооцогдохгүй бөгөөд заавал дагаж мөрдөгдөхгүй шинжийг агуулаагүй.

Хөрөнгө оруулалт хийхийг сонирхож буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас өмнө үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үнэт цаасны танилцуулга болон МИРА-гийн зэрэглэл тогтоосон үндэслэлтэй сайтар танилцаж судлан, хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

Үнэт цаас гаргагч болон үнэт цаасанд МИРА-гийн Зэрэглэлийн хорооны зүгээс зэрэглэл тогтоосон нь үнэт цаас гаргагчийн болон гаргахаар зорьж буй үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд гаргасан баталгаанд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулагчийн өмнө МИРА нь аливаа хариуцлага хүлээхгүй болно.

МИРА-гийн зүгээс үнэт цаас гаргагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, шийдвэр гаргах этгээдүүдээс хараат бус бөгөөд аливаа хэлбэрээр нэгдмэл сонирхолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй болохоо баталгаажуулан илэрхийлж байна.

Зэрэглэлийн тэмдэглэгээ болон түүний тайлбар нь веб хуудсанд нээлттэй байна. МИРА-гийн тогтоосон зэрэглэл, зэрэглэл тогтооход ашигласан аргачлал, ёс зүйн кодекс, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн нууцлал болон холбогдох бусад журам болон мэдээллийг веб хуудаснаас https://mira.mn/index.php/mn/disclaimer-mn/ орж дэлгэрэнгүй танилцана уу.

Мөн дараах холбоос, линкээр орж нэмэлт анхааруулга, тодруулгатай танилцахыг хүсье.